Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Засгийн газрын хуралдаанд нүүрсний тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээний тухай асуудлаа танилцуулан хэлэлцүүллээ. Засгийн газар уг асуудлыг хэлэлцээд уурхайн амнаас хил хүртэл хийж буй холын тээвэрлэлтийг зогсоох шийдвэр гаргажээ.
Ингэснээр уурхайн амнаас ачсан нүүрсээ Цагаанхаданд буулгаж түүнээсээ цааш дамжуулан тээвэрлэж байх юм байна. Өмнө нь ингэж тээвэрлэдэг байсан юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Засгийн газрын шийдвэрийг танилцуулахдаа \”Нэвтрүүлэх чадамжийг сайжруулах, техник тоног төхөөрөмжийг нь сайжруулах үүргийг Засгийн газраас холбогдох албаны хүмүүст өглөө. Одоогийн байдлаар 81 км-ын урттай цуваа үүсээд байгаа. Нүүрсний тээврийг богиносгож нүүрсээ Цагаанхаданд буулгаж, цааш нь дамжуулан тээвэрлэж байхаар боллоо. Энэ шийдвэр нь эдийн засгийн үндэслэл тооцоололтой. Ингэснээр борлуулалтын орлого нэмэгдэж эдийн засагт эерэг үр дүн авч ирнэ. Жолооч нар уртын тээвэрт сардаа нэг л удаа явдаг байсан бол одоо хоёр удаа явдаг болно. Ингэснээр жолооч нарын цалин урамшуулал ч нэмэгдэнэ гэж үзэж байгаа” гэв.