Хүйтний улиралд
ханиад томуугийн дэгдэлт нэмэгддэг. Хүүхэд хөгшидгүй дархлаа суларч, амархан
томуугийн халдвар авч, өвчин нь хүндэрчих гээд байдаг аюултай. Тэгвэл томуугийн
эсрэг вакцин тариулбал, нэг жилдээ ханиад гэж айхгүй амар болсон байна. Энэ
вакциныг улсын хэмжээнд үнэ төлбөргүй хийж байгаа. Тэгвэл Налайх дүүрэгт бас
вакцинжуулалт хэрэгжсэн бөгөөд одоогоор 4394 хүн вакцинд хамрагдсан талаар эх
сурвалж мэдээллээ.
Үүнээс 1077 нь
өндөр настан, 349 нь эрсдэлт бүлгийн хүүхэд, 771 нь цэцэрлэгийн хүүхэд, 100 нь
жирэмсэн эхчүүд, 284 нь онцгой байдлын албан хаагчид, 702 нь цэцэрлэг
сургуулийн багш нар байсан байна.
Томуугийн вакцин
аюулгүй, гаж нөлөөгүй гэдэг. Гэхдээ зарим тохиолдолд вакцин хийлгэсний дараа
хувь хүнээс шалтгаалсан гаж нөлөө илрэх нь бий. Энэ үед 15 минут сууж, хүлээх
хэрэгтэй. Бага зэрэг хөндүүрлэх, хавдах, улайх, халуурах зовиур нь вакцинд
үзүүлж буй бие махбодын хариу урвал сайн явагдаж байгаа гэж үздэг байна. Энэ
үзэгдэл 1-2 хоногийн дараа арилдаг учир санаа зовохгүй байж болно гэж мэргэжилтэн
хэллээ.