УИХ өнгөрсөн долоо хоногт Өршөөлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталсан. Ингэснээр өдгөө хоригдлуудыг суллах ажиллагаа эхэлж байгаа юм. Харин уг хуулийг МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулан баталсан гэх хардлага олны дунд байсан ч Ерөнхийлөгч авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөж болохгүй гэж үзээд хориг тавьсныг УИХ хүлээж авснаар энэ төрлийн зүйл ангиар ял эдэлж байгаа хоригдлуудыг суллахааргүй болсон. Гэхдээ ялгүйд тооцох гэх зүйл анги Өршөөлийн хуульд багтсан бөгөөд үүнд Н.Энхбаяр хамаарна гэдгийг О.Баасанхүү гишүүн хэллээ. Тэрбээр энэ талаар хэлэхдээ \”Өнөөдрийн Өршөөлийн хуулийг баталснаар бол Н.Энхбаяр даргыг ялгүйд тооцох үндэслэлтэй. Гэхдээ өс санавал энэ хуулийн үйлчлэлд Н.Энхбаяр даргыг ямар ч хамаагүй аргаар оруулж болно. Хууль чөлөөллөө гэхээр болчихдог юм биш. Өмнө нь ял эдэлж байсан хүмүүс сонгуульд нэр дэвших эрхтэй байсан. Одоо ч энэ хэвээрээ байгаа. Өнөөдөр ч гэсэн манай УИХ-д ял шийтгэл эдэлж байсан хүн олон бий шүү дээ” гэв. Ийнхүү түүний хэлснээс үзвэл хуулийг яаж тайлбарлахаас хамаараад Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших боломжтой гэж \”Шударга ёс” эвслийн бүлгийнхэн үзэж байгаа бололтой.