Олон нийтийн сүлжээ хурдацтай,
нээлттэй хөгжиж байгаа ч хүүхэд багачуудад хязгаар тавьж байсан билээ.
Тухайлбал Фейсбүүкийг 13 ба түүнээс дээш насныхан хэрэглэх ёстой гэсэн дүрэм
баримталж байсан ч 13-аас доош насны 20 гаруй сая хэрэглэгч байдаг аж. Тиймээс
өнгөрөгч Даваа гаригт Фейсбүүкээс бяцхан хэрэглэгчдэдээ зориулсан нэгэн шинэ
аппликейшнийг нэвтрүүлж эхэлжээ.
Гэхдээ үүнийг хэрэглэхээс өмнө эцэг,
эх болоод асран хамгаалагчийн зөвшөөрлийг авах аж. Харин тус апп-аас бүртгэгдэх
мэдээллийг сурталчилгаанд ашиглахгүй гэдгээ тус компаниас амлажээ. Messenger
Kids апп нь одоогийн Фейсбүүкийн зурвас бичих апп-ийг бодвол харьангуй
хялбаршуулсан байдлаар, нууц кодтой байхаар бүтээгджээ.
\”Эцэг, эхчүүд хүүхдүүддээ таблет
болон ухаалаг утас хэрэглэхийг зөвшөөрөх нь нэмэгдэж байгаа боловч тэдэнд ямар
апп хэрэглэх нь тохиромжтойг тэр бүр сайн мэддэггүй. Тиймээс бид судалгааныхаа
явцад, эцэг эхчүүдтэй ярилцаж байхдаа ямаршуу төрлийн апп тохиромжтой талаар
саналыг нь авсан. Тэгээд бидний нэвтрүүлэх гэж буй апп-ийг хэрэглэх тэр
зорилтот хүмүүстэйгээ хамтдаа хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн” хэмээн Messenger
Kids-ийн бүтээгдэхүүний менежер Лорен Чен ярьсан юм.
Тухайлбал, хоёр хүүхэд Messenger Kids
апп дээр найзууд болохыг хүсвэл хүүхэд тус бүрийн эцэг, эх нь тэднийг зөвшөөрч
байж найзууд болгох аж. Харин нэгэнт найзууд болсон хүүхдүүд өөр хоорондоо
дүрст дуудлага хийж, зурвас бичин, зураг солилцох боломжтой гэнэ. Түүнчлэн томчуудын
хэрэглэдэг апп-ийн нэгэн адил хүүхдүүдэд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд тохиромжтой
GIF, хүрээ, стикер, маск зэргийг шийдэж өгчээ. Мөн тухайн хүүхэдтэй эцэг, эх нь
апп-аар нь дамжин холбогдож, энгийн Фейсбүүкийн нэгэн адил зурвас бичиж болох
аж.
Messenger Kids нь апп-ийг хэрхэн
хэрэглэж буйг нь хянах зорилгоор хэрэглэгч хүүхдийн нэр, зурвасын агуулга,
энгийн хэрэглээний мэдээллийг цуглуулах гэнэ. Фейсбүүк нь АНУ дахь Коппа болон
Хүүхдүүдийн онлайн хувийн хамгаалалтын тогтоолд нийцүүлж мэдээлийг гуравдагч
талд хуваалцах аж.