Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий нийслэлийн шуурхай албаны байгууллагуудын албан хаагчид өнөөдөр \”Мобиком” корпораци, Дэлхийн шилдэг гар утас үйлдвэрлэгчдийн нэг \”Huawei” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраас \”Huawei Y3” гар утас бэлэглэв.
Гар утаснуудыг НОБГ, ЗЦА, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв (НТТТ), Хот тохижилтын газар болон Нийслэлийн төр захиргааны авто бааз (НТЗАБ)-ын 200 алба хаагч гардсан юм.
НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ү.Ганболд хэлэхдээ \”Иргэдийн тав тухтай эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд дээрх байгууллагын албан хаагчид зуны халуун, өвлийн хүйтнийг эс тоон албан үүргээ нэр хүндтэй биелүүлж ирсэн. Цаашдаа энэ үүргээ амжилттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Шуурхай албаны албан хаагч өдөрт дунджаар ажлын шугамаар өдөрт дунджаар 30 минут утасаар ярьдаг гэсэн судалгааг холбогдох байгууллагуудаас гаргасан байна. Тэднийг шинэ ухаалаг утасаар хангаснаар дээрх албадын шуурхай ажиллах чадамж улам бүр нэмэгдэнэ гэдгийг \”Мобиком” корпорацийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзориг онцлов.
Төр, ард түмнийхээ төлөө гүйцэтгэж буй албан үүргийг нь өндрөөр үнэлж, урамшуулж буй аж ахуйн нэгжүүдэд талархаж буйгаа гар утас гардсан алба хаагчид хэллээ. Мөн иргэдийнхээ итгэл, сэтгэлийг зүтгэлээр хариулахаа амлав.