Эрдэнэт үйлдвэрийн жирийн ажилчдын цалин Монголдоо л
дээгүүрт тооцогдоно. Тиймээс тус үйлдвэрт цэвэрлэгчээр ч хамаагүй ажилд
орчихвол амьдрал баталгаажна л гэж ойлгож болно. Тэгвэл үүнийг ашиглаж бизнес
хийгчид Эрдэнэт хотод амьдарсаар байна. Ихэнх нь үйлдвэрийн удирдах албан
тушаалтнууд, тэдний хамаатан садан. Тэд ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэвэл
ГОК/эрдэнэт үйлдвэр/-т
ажилд оруулж өгснийхөө төлөө төлбөр авдаг. Ажлууд тус бүрчлэн үнэлгээтэй. Таван жилийн өмнө нь туслахаар ороход 5
орчим сая төгрөгийн үнэлгээтэй байсан гэж эх сурвалж мэдээлэв. Тэгэхээр 5
саяаас дээш үнэлгээ өсөх нь.
Нэг удаадаа 5 сая төгрөг өгөөд ажилд орчихвол хоёр сар
ажлаад л өрөө дарчихна хэмээн эрдэнэтийн залуус ярьдаг болж. Өөрөөр хэлбэл энд
ихээхэн эрэлт бий болсон гэж тайлбарлаж болно. Эрэлт байгаа газар нийлүүлэлт
байна. Тиймээс ГОК-д ажилд орогчдыг
зуучлах бүлэг, хүмүүс бий болсон гэж ойлгогдож байгаа.
Мөн үүнийг дагаад худал хэлж, залилан үйлдэгчид ч
олширсон бололтой юм. Өндөр цалинтай
ажилд орох хүсэлтэй иргэдийг \”ГОК-д
ажилд оруулж өгнө” гэж хэлж их хэмжээний мөнгө авч залилдаг гэх хэргийг аймгийн
цагдаагийн газраас шалгаж байгаа аж. 2015 он гарсаар ГОК-д ажилд оруулна
гэж бусдаас бэлэн мөнгө авч залилсан гурван ч хэрэг бүргэгджээ. Энэ хэргийн улмаас 10 гаруй хүнд 2-60 орчим
сая төгрөгийн хохирол учирсан байна.
Иргэдийн хувьд хууль эрх зүйн мэдлэг дутмаг мөн амар
аргаар өндөр цалинтай ажилд орох гэсэн байдлаас үүдэн ийнхүү хохирогч болсоор
байна. Өмнө нь гарч байсан ийм төрлийн хэргүүд тодорхой шийдэлд хүрэлгүйгээр
шүүхийн шатандаа гацдаг тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээлж байна.
Цаашид ажил оруулж өгөх
нэрээр ашиг олж, хөрөнгө мөнгө эргэлдүүлдэг энэ төрлийн бизнесийг чимээгүй
дэмжсээр байх уу. Мэдээж
авлига авсан хүн \”би авлига авсан” гээд өөрийгөө барьж өгөхгүй. Гэхдээ чин
шударгаар ажиллаж хөдөлмөрлөх хүсэлтэй маш олон залуус энэ хууль бус
ажиллагааны хохирогч болж байна. Эрдэнэт үйлдвэр болон хуулийн байгууллагууд
энэ асуудал анхаарлаа хандуулж, тодорхой арга хэмжээ авч, эргүүлэн мэдээлнэ гэж
найдаж байна.
А.Аюуш