Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, цогц шийдэл бий болгож чадсан мэдээ ирүүллээ. Ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт болон иргэдийн эргүүл ажиллуулж, камерын хяналтын иж бүрэн системийг ашиглалтад оруулсан байна. Даланзадгад сумын нутаг дэвсгэрийн эрүү, хэв журмын нөхцөл байдлыг харгалзан квадратын систем буюу 8 хэсэгт хувааж, байнгын хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон иргэнээс ирүүлсэн дуудлага, мэдээлэлд цаг алдалгүй шуурхай очиж цагдаагийн байгууллагын тусламж, үйлчилгээг үзүүлж чадаж буйг цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Баянмөнх онцлов. Хөдөлгөөнт эргүүлд ашиглаж буй бүрэн тоноглосон \”приус-30\” маркийн 8 автомашиныг орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэж өгсөн нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд том дэмжлэг болж гудамж талбайд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн төвд 40 ширхэг камерь суурилуулан, Камерын хяналтын нэгдсэн төвд хянаж байна. Түүнчлэн иргэдийн сайн дурын эргүүлийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж, Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилчин, алба хаагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулдаг болжээ гэж уг мэдээнд онцолсон байна.