Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан гарснаар хүлээж байсан хүмүүс өршөөгдөн суллагдах болоод байна. Өршөөлийн хуулийн дагуу заавал шүүхийн албан ёсны шийдвэрээр гэм буруугаа хүлээсэн хүн л суллагдах ёстой. Энэ талаар Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг тайлбар өгөв.Нийт 28 шүүхэд хорих ангиуд харьяалагддаг учир хорих ангиудын материалыг прокурор болон ШШГЕГ-аас шүүхэд ирүүлэх ёстой юм байна. Олон хүнийг суллах шийдвэр гаргах учраас шүүхүүдээс хоёр гурван хүний бүрэлдэхүүнтэй магадлангийн хурал хийж, богино хугацаанд ялаас чөлөөлөх, хасах эсэх асуудлыг шийдэх юм. Хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэсэн дөрвөн төрлийн ялыг зүйл ангиас нь шалтгаалан ялгаад хуульд зааснаар өршөөлд хамруулна. Эрүүгийн хуульд нийт 456 гэмт хэрэг байдгаас 265 нь хүндэвтэр хэрэгт ордог. Эдгээр хүндэвтэр хэргээс зөвхөн тав нь өршөөлд хамрах жишээтэй. Хөнгөн хэргүүд бол бүхэлдээ өршөөлд хамрагдах юм байна.