Алан хядах Исламын улс бүлэглэл Сири, Иракт ялагдал хүлээж хүч нь суларсан хэдий ч тэд хаана ч террорист халдлага үйлдэх чадалтай хэмээн АНУ-ын Тагнуулын байгууллагын төлөөлөгчид тус улсын Сенатад мэдэгджээ. АНУ-ын Терроризмын эсрэг Үндэсний төвийн Тагнуулын асуудал хариуцсан захирал Лора Шайо \” Исламын улс бүлэглэл хэдийгээр ихээхэн хэмжээний хохирол амссан боловч тэдний террорист халдлага үйлдэх хүчин чадал багассан гэж огтхон ч бодохгүй байна” гэж хэлжээ. Түүний үзэж байгаагаар алан хядах Исламын улс бүлэглэлийг дэмжигчид интернет болон сошиал ертөнцөөр хоорондоо холбогдон дэлхийн хаана ч алан хядлага үйлдэх боломжтой бөгөөд энэ талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын хорооны төлөөлөгч Рон Жонсон хэлэхдээ ” Энэ бол кибер орон зай дах шинэ Халифат юм ” хэмээн мэдэгджээ. Өчигдөр буюу энэ сарын 6-нд ОХУ-ын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга армийн генерал Валерий Герасимов \”Сирийн газар нутаг Исламын улс бүлэглэлийн алан хялагчдаас бүрэн чөлөөлөгдсөн” гэж мэдэгдсэн юм.
Ж.Батдорж