Засгийн газрын ээлжит хуралдаанаар иргэдийн гар дээр байгаа 1072 ширхэг хувьцааг амь оруулах асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Тэрбээр \”Эрдэнэс Таван толгой\” ХХК-ийн иргэдийн эзэмшиж байгаа гэдэг 1,072 хувьцааг бодитой хөрөнгө болгох, хөрөнгийн зах зээл дээрх хоёр дахь арилжаа болгон эргэлтэд оруулах хэрэгтэй талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Энэ хүрээнд \”Эрдэнэс Таван толгой\” ХХК-ийн гэрээг ил тод, олон нийтийн хяналттай, компанийн засаглалыг нь нээлттэй болгох асуудлыг судлах ажлын хэсгийг Уул уурхайн сайдаар ахлуулан байгуулсан. Тус төрийн өмчийн компанийг цаашид яаж эргэлтэд оруулах вэ? үр ашгийг хэрхэн сайжруулах вэ? зэрэг асуудлыг хэлэлцээд дараагийн хуралдаан дээр яамд болон холбогдох газруудын саналыг авч, Засгийн газрын төлөвлөгөөг гаргахаар тогтлоо\” гэлээ.
Өмнөх, түүний өмнөх Засгийн газрууд яг л ийм л асуудал хэлэлцсэн тухай мэдээлж байсан. Зарим нь өнөө маргаашгүй эргэлтэнд оруулах тухай мэдээлэл өгч байв. Манай төрийн үйл ажиллагаа ямар ч уялдаагүй, холбоогүй байдаг нь үүнээс харагдаж байна. Ч.Сайханбилэгийн, Ж.Эрдэнэбатын бүр Н.Алтанхуягийн, С.Батболдын Засгийн газрын үед 1072 ширхэг хувьцааг хэрхэн арилжаалж иргэдийн гар дээр бодит хөрөнгө болгох тухай яригдаж, судалгаа тооцоо хийгдсэн байдаг санагдах юм. Эсвэл хийгдээгүй тооцоог, хийгээгүй хурлаа бидэнд хийсэн гэж мэдээлдэг байсан юм уу. Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газар 1072 ширхэг хувьцааг бодит хөрөнгө болгох асуудлыг хэлэлцлээ. Харин цаашаа үргэлжлэх болов уу, ингэсгээд зогсчих уу гэдгийг цаг хугацаа л харуулах байх. Иргэд амьгүй хувьцаагаа амь оруулж, эх орныхоо хишгийг хүртэхийг хүсч л байгаа.