Технологийн
тэргүүлэгчдийн нэг болох General
Electric компани бизнесээ авч үлдэхийн тулд 12 мянган ажилтнаа
цомхотгохоор болжээ. Ингэснээр дэлхий дахинд ажиллуулж байгаа нийт
ажилтнуудынхаа 18 хувийг хална гэсэн үг юм.
АНУ-д
төвтэй тус компанийн байдал хүндхэн байгаа ч ийнхүү цомхотгол хийж, цахилгаан
станцын түлшний хэрэглээг бууруулснаар ирэх онд нэг тэрбум доллар хэмнэх
боломжтой ажээ. Тэд тухайлбал Их Британийн Стэффорд, Ругби дахь эрчим хүчний
бизнесээсээ ажлын байрыг 1,100-аар бууруулах юм байна. Түүнчлэн Швейцарьт
ажилтнуудынхаа гуравны нэгийг, Германд зургааны нэгийг нь ажлаас халж байгаа
аж.
Энэ оны
наймдугаар сард Жефф Иммелтийн дараа компанийн гүйцэтгэх захирлын албан
тушаалыг авсан Жон Флэннери General
Electric-ийг шинэчлэх, эдийн засгийн хэмнэлт хийх бодлогынхоо
хүрээнд ийнхүү олон тооны цомхотголыг эхлүүлжээ. Хийн болон нүүрсний уламжлалт
эрчим хүчний зах зээл суларч байгаа учраас хэмнэлт хийх бодлого баримталж
буйгаа компанийн зүгээс тайлбарласан байна.
Эрчим
хүч, газрын тос, хийн бизнесийн зах зээл тогтворгүйжсэнээр гуравдугаар улирлын
ашиг орлого нь таван хувиар буурч 1.8 тэрбум долларт хүрсэн учраас General Electric аравдугаар
сард хэмнэлтийн бодлогуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Тус компани нь дэлхий даяар
нийт 55 мянган ажилтантай, эрчим хүчний хамгийн том үйлдвэрлэлийг эрхэлдэг юм.
Б.Болормаа