УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух бүрэн эрхт Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхээр дараалалд оруулаад байсан. Үдээс хойшхи хуралдааны үеэр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг \”Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос энэ томилгоотой холбоотой зарим асуудлыг судлуулахаар манай байнгын хороонд шилжүүлсэн. Бидэнд энэ материалыг судлахад тодорхой хугацаа хэрэгтэй байгаа тул томилгооны асуудлыг түр хойшлуулж өгнө үү” гэв. Ингэснээр хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа.