Монголоос хууль бусаар хил давуулсан 300 ширхэг тарваганы арьсыг хураан авлаа гэж Хятадын \”Синьхуа” агентлаг мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр Хятад Монголын хил дамнасан худалдааны хамгийн том төв болох Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн хотод Монголоос энэ долоо хоногийн лхагва гарагт очсон нэгэн автобуснаас 300 ширхэг тарваганы арьс бүхий 25 цүнхийг хураан авсан ажээ. Хятадын хил гаалийн албаныхан Монголоос ирсэн тээврийн хэрэгслийг шалгаж эхлэх үед автобусны жолоочийн царай хувьсхийж, дургүйцэж эхэлсэн нь ихээхэн сэжиг төрүүлсэн бөгөөд энэ үед тэдгээр тарваганы арьсыг илрүүлэн хураан авсан байна.
Тарвага нь олон улсын холбооноос гаргасан \”ховордсон амьтдын жагсаалт”-д орсон амьтан бөгөөд БНХАУ тарваган тахал дэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс тарваганы арьсыг импортлохыг хориглосон ажээ.