Яг одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, хотын дарга Э.Бат-Үүл, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн нар Төв цэвэрлэх байгууламжийн талбайтай танилцаж байна.
Өнгөрсөн даваа гарагт төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Э.Бат-Үүл баталсан билээ.
Төв цэвэрлэх байгууламж 1969 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар хоногт 160 куб метр усыг хүлээн авч 80-85 хувиар цэвэршүүлэн Туул голд нийлүүлдэг гэх ч өнөөдрийн байдлаар лагаа бүрэн гүйцэт цэвэрлэж чадахгүйн улмаас бохирдол дээд цэгтээ хүрээд байгаа юм.
Эдүгээ тус байгууламжид 8.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 10 ширхэг хиймэл нуур байгуулах ажил хийгдэж байгаа аж. Ингэснээр төв цэвэрлэхэд ирж буй бохирыг байгалийн аргаар цэвэрлэж, цэвэрлэгээ хийгдсэн усыг 2000-ийн шугамаар буцаан хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэн Туул голд нийлүүлэх юм байна.
Хэдийгээр энэ мэтээр нөхөж цойлдох арга хэмжээ авч буй боловч дорвитой шинэчлэл хэрэгтэй гэж Төв цэвэрлэх байгууламжийн инженер техникийн ажилтнууд хэлж байна. Улаанбаатар хотод барилгажилт, гэр хорооллын дахин төлөвлөлт нэмэгдэж байна. Энэ бүгдэд урьдчилан цэвэрлэх байгууламж хэрэгтэй. Ялангуяа ноос ноолуур, арьс ширнээс гадна мах, сүүний үйлдвэрээс асар их бохирдолтой ус ирдэг. Гэтэл хажуудаа урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр гарын таван хуруунд багтана. Тиймээс яам, хот, мэргэжлийн хяналтын байгууллагаас хамтран дорвитой арга хэмжээ авах шаардлага тулгарчээ.