Энэтхэгийн
сургуулийн сурагч, долоон настай охин шүүхэд зарга мэдүүлснээр Ерөнхий сайд
Нарендра Моди түүний хүсэлтийг биелүүлж, цэцэрлэгт хүрээлэнгээ аварч үлдэхэд нь
тусалжээ. Навия Сингх охин нийслэл Дели хот дахь цэцэрлэгт хүрээлэнгийн газарт олон
нийтийн төв байгуулахыг зогсоож өгөхийг орон нутгийн эрх баригчдаас хүссэн
байна.
Харин эрх
баригчид өнгөрөгч Баасан гаригт цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр байгуулах гэж
байсан олон нийтийн төвийг өөр газарт шилжүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Тиймээс
бяцхан охин Навия ялалт байгуулсан баяраа найз нарын хамт тэмдэглэсэн аж.
Тус
хүрээлэн нь Делигийн баруун хэсэгт хүн ам шигүү суурьшсан Рохини гэх газарт охины
гэрээс хэдхэн минутын зайд байрладаг учраас тэрээр өглөө, орой болгон найз
нарын хамт тоглож зугаалдаг гэнэ. Оршин суугчид хүрээлэнгийн ихэнх хэсгийг сүйтгэсэн
учир хүүхдүүдийн тоглох орон зай тэнд өдрөөс өдөрт буурсаар байгаа аж.
Өнгөрөгч
зургадугаар сард Делигийн хөгжлийн газраас тэрхүү цэцэрлэгт хүрээлэнг өөрчилж, тухайн
хэсгийн гуравны нэгд нь олон нийтийн төв байгуулахаар барилгын ажил эхлүүлсэн нь
ийнхүү бяцхан охины эсэргүүцэлтэй тулгарчээ.
Тухайн
хэсгийн оршин суугчид, эмэгтэйчүүд хүрээлэнгийн өмнө цуглаж эсэргүүцлээ
илэрхийлсэн ч Делигийн хөгжлийн газар цагдаагийн хүчээр далайлган газрыг мэдэлдээ
авсан байжээ.