ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаныхан шинэ жилийн баярын үе болон ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр алан хядах ажиллагаа хийхээр бэлтгэж байсан Исламын улс бүлэглэлийн алан хядагчдыг баривчилжээ. Энэ талаар тус улсын Холбооны аюулгүй байдлын албаны захирал Александр Бортников өчигдөр мэдээлсэн байна. Түүний мэдээлснээр Төв Азиас гаралтай амиа золиослогч алан хядагчдын хоёр бүлэг удахгүй болох шинэ жилийн баярын үе болон ирэх жилийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр алан хядах ажиллагаа явуулхаар бэлтгэж байсан бөгөөд тусгай албаны ажилтнууд тэднээс гар хийцийн тэсрэх бөмбөг болон галт зэвсэг, алан хядах ажиллагаа явуулахад бэлтгэх лабартори зэргийг илрүүлэн хураан авчээ. Александр Бортниковийн мэдээлснээр тэдгээр алан хядагчид нь алан хядах Исламын улс бүлэглэлийн заавраар үйл ажиллагаа явуулж байсан ба одоогоор бусад алан хядагчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Ж.Батдорж