Хөвсгөл аймгийн нутагт гол нуурын ус гүйцэд хөлдөөгүй байгаа тул иргэдийг Хөвсгөл нуураар зорчихгүй байхыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан иргэд ОХУ болон Ханх сумын чиглэлд ихээр зорчдог. Иймээс иргэдийг баталгаат зам болох Сантын даваагаар зорчихыг анхаарууллаа.
Энэ жилийн хувьд олон жилийн дунджаас илүү дулаахан өвөл болж буй учраас Сантын даваа цасгүй зорчих хэсэгт ямар нэгэн саадгүй байгаа аж. Тэнгис Шишгэдийн голоос бусад гол мөрөн зөвхөн өнгөн хэсэгтээ хөлдөж, мөс нимгэн байгаа тул иргэд зам товчлох гэж эрсдэлд өртөхгүй байхыг анхааруулж байна.