Гаалийн байцаагч нар авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэгт холбогдон шалгуулах явдал байсхийгээд л гардаг. ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр болон өөр хэд хэдэн байцаагчид холбогдох хэргийг шүүх удахгүй хэлэлцэх гэж буй. Тэрбээр Буянт-Ухаа дахь Гаалийн газрын байцаагч Ц.Батбилэгээс эхнэр П.Даариймааг нь ГЕГ-ын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн газарт ажилд авахын тулд гурван сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм.
Тэгвэл гаалийн байцаагчтай холбоотой өөр нэг хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт 11 хэрэг шүүхэд шилжүүлсний нэг нь Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Ханги боомтын гаалийн улсын байцаагч Ц.Ариунболдод холбогдох хэрэг гэнэ. Тэрбээр энэ оны наймдугаар сарын 10-нд гаалийн хяналт шалгалтаар илэрсэн 76.8 кг чулууг хураажээ.
Иргэн Т.Оюун-Эрдэнэ дээрх хэмжээний байгалийн чулууг автомашинд нууж хилээр гаргахыг завдсан юм байна. Харин гаалийн байцаагч Ц.Ариунболд уг чулууг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж сольсон нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар тодорхой болсон гэнэ.
Эдгээрээс гадна цагдаагийн алба хаагчид бусадтай зүй бусаар харьцаж, зодож гэмтээсэн нэг бус хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлж байгаа юм байна.