Энэ сарын 16-ны өдөр буюу
өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын Санкт-Петербург хотод террорист халдлага үйлдэхээр
төлөвлөж байсан Исламын улс бүлэглэлийн алан хядах бүлэглэлийн долоон гишүүнийг баривчлахад АНУ-ын Тагнуулын
төв газар ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнуудад тусалсантай
холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд
Трампт талархал илэрхийлжээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Д.Трамптай
утсаар ярихдаа талархал илэрхийлж \”Санкт-Петербург хотод террорист
халдлага үйлдэх төлөвлөгөөг таслан зогсооход тусалсан нь манай хоёр улсын хамтын
ажиллагааны нэгэн эерэг жишээ юм\” гэж хэлсэн байна.
АНУ-ын Тагнуулын төв газар мэдээлэл дамжуулснаар Орост үйлдэх гэж байсан
террорист халдлагыг таслан зогсоож чадсан байна.
Харин үүний хариуд Д.Трамп хэлэхдээ
\”Террористуудтай тэмцэхэд Орост тусламж үзүүлж чадсандаа бид баяртай
байна\” гээд, террористуудтай тэмцэх асуудлаар цаашид ОХУ-тай харилцан мэдээлэл солилцох зэргээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаагаа
илэрхийлсэн байна.
Ж.Бат