Нийслэлийн 2017 оны \”Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Хангарди ордонд боллоо. \”Хүүхдэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах захирамж, удирдамж, мэдээллийг есөн дүүргийн хэмжээнд нийт 927 байгууллагад хүргүүлснээс нэгдүгээр шатанд 162 байгууллага шалгаруулалтад материал бэлтгэн ирүүлсэн ба дээрх 162 байгууллагаас есөн дүүргийн ажлын хэсэг нийт 45 байгууллагыг шалгаруулан ирүүлсэн байна.
Хоёрдугаар шатанд ирүүлсэн 45 байгууллагаас Нийслэлийн 2017 оны \”Хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага”-аар:
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг: Хан-Уул дүүрэг
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо: Багануур дүүргийн нэгдүгээр хороо
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль: Налайх дүүргийн 109-р сургууль
- Хүүхэд гэр бүлд ээлтэй цэцэрлэг: Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын, төрийн бус байгууллага: \”Гүүд нейборс” ТББ
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй хэвлэл мэдээллийн /сэтгүүлч/ байгууллага: Монголын Үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Н.Мөнхбаяр
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй соёл, урлаг, үзвэр үйлчилгээний байгууллага: \”Гэгээнтэн энтертайнмент” ХХК
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй худалдаа, үйлчилгээний байгууллага: \”Аз хур” ХХК
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага: \”Хүннү молл” ХХК тус тус шалгарлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд \”Монгол Улсын, ялангуяа Улаанбаатар хотын хамгийн үнэт баялаг, юугаар ч сольшгүй нандин эрдэнэ нь монгол хүн, хүүхдийн эрүүл мэнд, амьдралын аюулгүй орчин билээ. Нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд үйлчилгээний байгууллагууд /худалдааны төв, зоогийн газар, галт тэрэг, онгоцны буудал, банк, үзвэр үйлчилгээний газрууд/-д хүүхдэд ээлттэй, гэр бүлийг дэмжсэн үйлчилгээг нэвтрүүлэх, хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх санал санаачилга, сургалт сурталчилгааг өрнүүлж ажиллалаа. Сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбар, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээ, хүрээлэн буй орчноо хүүхэд, гэр бүл рүү хандуулж байгаа нь сайшаалтай. Хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажил үйлчилгээ, орчинг бий болгож, ирээдүй хойч үеийнхээ төлөө санал санаачилга гарган ажилласан дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, үзвэр үйлчилгээний байгууллагуудыг урамшуулан, цаашид ажиллах урам зориг, эрч хүч өгөх зорилгоор хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага шалгаруулах энэхүү ёслолын үйл ажиллагааг нээснийг мэдэгдье. \”Аз жаргалтай Улаанбаатар” болох зорилт тавин Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа Та бүхэнтэй хамтарч ажиллахдаа таатай байна. Хүүхэд, багачууд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.