Энэтхэгийн Хидерабад хотноо нэгэн эр
нэг байгууллагад хамт ажиллаж байсан эмэгтэйтэйгээ маргалдаж, түүнийг шатаасан аймшигт
хэрэг гарсан байна. Ресепшнээр ажилладаг 25 настай Сандхия Рани нь Пүрэв
гаригийн 18:00 цагийн үед гэртээ харих замдаа тийнхүү халдлагад өртсөн аж. Хүмүүс
түүнд туслха гэж оролдсон ч эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.
Харин сэжигтэн болох 28 настай
Картик Ванга нь хэдэн сарын өмнө хохирогч эмэгтэйтэй нэг байгууллагад хамт
ажиллаж байсан гэнэ. Хэрэг гардаг өдөр тэрээр хатагтай Ранитай гудамжинд
маргалдан муудалцаж байгаад түүн рүү керосин цацаж шатаасныг гэрчүүд мэдэгджээ.
Картик Ванга нь хоёр жилийн турш
хохирогч Ранид гэрлэх санал тавьсан ч хохирогч бүсгүй татгалзсаар байсан тухай
гэрчүүд ярьсан байна. Харин цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа бөгөөд
одоогоор хэргийн шалтгааныг тодорхой хэлэх боломжгүй байгаа гэнэ.
Энэтхэгт 2012 онд оюутан эмэгтэйг
бүлэглэн хүчирхийлж хороосон хэргээс хойш эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл,
гэмт хэргийн тоо эрс өсөн нэмэгдсэн бөгөөд эрх баригчдын зүгээс энэ төрлийн
гэмт хэрэгтнүүдэд оноох ял шийтгэлийг чангатгах арга хэмжээ авахаар ажиллаж буй
аж. Гэсэн ч хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл энэ улсад нэмэгдсээр
байгааг хүний эрхийн байгууллагынхан онцолсоор байгаа юм.
Орчуулсан Б.Болормаа