Гал түймэр, хар шуурга, хөрсний нуралт гээд Филиппин
улсад нэгэн зэрэг олон гамшиг тохиосон хүндхэн өдрүүд үргэлжилсээр байна. Тухайлбал,
тус улсын өмнөд нутагт далайн хар шуурга болсны улмаас хөрсний нуралт, үер усны
гамшиг тохиож 200 гаруй хүн амиа алдаж, олон хүн сураггүй алга болоод байгаа
юм.
Гамшиг болж буй Минданао аралд аврах багийнхан хараахан
хүрч амжаагүй байгаа аж. 80 км/цагийн хурдтай дэгдсэн Тембин хар шуурганы
улмаас арлын ихэнх хэсэг усанд автаж, олон хүн сураггүй болжээ. Түүнчлэн Тубод,
Пяагапо хотууд шуурганд нэрвэгдэж, Далама тосгон бүхэлдээ үерийн усанд автсаныг
эх сурвалжууд мэдээлсэн байна. Харин шуурга нүүдэллэж, Вьетнам улсын нутаг
дэвсгэр рүү чиглэж буйг цаг уурчид анхааруулжээ.
НҮБ-ын зүгээс Филиппин улсад туслахад бэлэн гэдгээ
мэдэгдээд олон хүний амь үрэгдсэнд харамсаж эмгэнэл илэрхийлсэн байна.
Амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүйг аврах багийнхан
хэлсэн байна.
Б.Болормаа