Пүрэв гаригт НҮБ-ын ерөнхий ассемблейн тусгай чуулган хуралдаж, Иерусалем хотыг Израилийн нийслэлээр зарласан АНУ-ын шийдвэрийг эсэргүүцэх зорилготой санал хураалт явуулсан билээ.
НҮБ-ын гишүүн 193 орны төлөөлөгч санал хураалтад оролцох ёстойгоос нийт 64 орны төлөөлөгч Вашингтоныг дэмжсэн санал өгч, мөн санал хураалтад оролцолгүй өнгөрсөн юм. Эдгээрийн 35 нь түдгэлзэж, 8 нь АНУ-ын бодлогыг дэмжсэн бол 21 нь чуулганд оролцоогүй. Харин Монгол улсын төлөөлөгч санал хураалт явагдсан уг чуулганд оролцоогүй, эзгүй байсан ажээ. Тэгвэл НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Никки Хэйли өчигдөр твиттер хуудсандаа эдгээр орнуудад талархаж байгаагаа илэрхийлсэн байна. \”НҮБ-ын бодлогогүй үйлдлийг дагаагүй эдгээр орнуудад бид талархаж байна” хэмээн тэр бичсэн байна. Санал хураалтаар НҮБ-ын гишүүн орнуудын дөрөвний гурав нь Вашингтоны шийдвэрийг эсэргүүцсэн тогтоолыг дэмжсэн юм. Санал хураалт эхлэхээс өмнө Никки Хэйли аль улс өөрийнх нь эсрэг санал өгснийг бүртгэж, Дональд Трампад мэдэгдэнэ хэмээн сүрдүүлж байсан бөгөөд урд өдөр нь Ерөнхийлөгч Трамп АНУ-ын эсрэг санал өгсөн улс орнуудад үзүүлэх тусламж, дэмжлэгээ зогсоохоо мэдэгдээд байсан юм. Никки Хэйли мөн дээрх 65 орны төлөөлөгчдийг нэгдүгээр сарын 3-ны өдөр болох хүлээн авалтад урьж, АНУ-тай найрамдалт харилцаатай байсанд нь талархахаар болжээ. Урилгын гэрэл зургийг Америкийн хэвлэлүүд нийтэлсэн байна.
Ж.Бат