Улсынхаа нийслэлийг халуун
дулаан илч гэрлээр хангаж
ирсэн Налайхын уурхайн түүх тэртээ 1915
оноос эхлэлтэй. Анх орос,
хятад хүмүүс голлон ажиллаж байсан Налайхын уурхайг 1922 оны 12 сарын 25-ний өдөр Ардын Засгийн газрын шийдвэрээр улсын мэдэлд авч
жилд 800 тонн нүүрс олборлох хүчин чадалтай, 12 ажилчинтайгаар эмхлэн байгуулан, Монгол улсад орчин үеийн уул уурхайн салбар хөгжих шинэ үеийн эхлэлийг
тавьжээ. Манай улс уул
уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн өдрийг Налайхын нүүрсний уурхай байгуулагдсан
энэхүү өдрөөр энэ жил өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тус уурхай нь уул уурхайн үйлдвэрлэлийн технологи, ажил мэргэжил, дадлага туршлагын асар их өвийг
өнгөрсөн хугацаанд бий болгон энэ салбарын мэргэжлийн боловсон хүчнийг
бэлтгэж, эх орны уул
уурхайн салбарт үнэтэй хувь нэмэр
оруулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд байгуулагдсан манай улсын бусад уул уурхайнуудад Налайхын
уурхайн анхдагчид ажиллаж
байсан нь түүхэн үнэн билээ.