Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага нэмэгдэж, иргэд гал түймэрт өртөж эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол гарч байна.
Өнгөрсөн хоногт гал түймрийн 14, аврах ажиллагааны 2 дуудлагатай хоносон байна. Тухайлбал Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн 15-ийн гудамжинд байшин шатаж 59 настай, эрэгтэй өртөж нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны 1 дүгээр орцны айлд тагтан дээр гал гарч Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн унтраасан байна. Уг гал түймэрт хөгжлийн бэрхшээлтэй 16 настай, эрэгтэй угаартаж ухаангүй байсныг аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НЯТТТ эмчид хүлээлгэн өгсөн байна. Галын улмаас утаажилтын бүсээс 16 иргэнийг аюулгүй газарт гаргаж угаартахаас урьдчилан сэргийлж ажиллажээ. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн 1-70 тоотод 4х5 хэмжээтэй байшин, эд хогшил шатаж шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт 33 настай, эрэгтэйн нүүрний хэсэг, иргэн 26 настай, эрэгтэйн 2 хөлний тавхай хэсэг түлэгдсэн байсныг эмчид хүлээлгэн өгсөн байна.
Хүйтний эрч чангарч гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаа энэ үед гэр, орон байрны галын аюулгүй байдлыг ханган, яндан пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна.