Японы мэргэжлийн сумо бөхийн шинэ оны анхны буюу нэгдүгээр сарын Хацу башёд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул \”Нишикидо\” дэвжээний сүмоч Миторюү Б.Төрболд жюүрёо зиндаанд дэвшин барилдахаар болжээ.
Миторюү 23 настай. 187 см өндөр, 182 кг жинтэй. Тэрбээр сонирхогчдын сумо бөхийн ДАШТ-ий хошой аварга, оюутны ёкозүна бөгөөд Тэрүнофүжи, Ичиножёо нартай хамт их сумод элсэн орох боломж байсан ч их сургуулиа төгсөхийг илүүд үзсэн юм. Гадаадын сонирхогчдын сумогийн анхны ёкозүна хэргэмтэй Б.Төрболд сургуулиа төгсөөд макүшитагийн 15-аас барилдаж, дөрвөн тэмцээний дараа ийнхүү сэкитори боллоо.
Б.Төрболдын хувьд сумо бөхийн мэргэжилтнүүдээс өсөх ирээдүйтэй гэсэн сайн үнэлэлт авч байгаа бөгөөд дээд зиндаанд өндөр цолонд хүрэх магадлалтай сумоч юм байна.