Японы цагдаа нар өнөөдөр өөрийн төрсөн охиноо харанхуй нүхэнд 15 жил хорьж,
өлсгөлөнгөөр хороож алсан гэр бүлийн хоёрыг баривчилжээ. Энэ талаар Ройтерс
агентлаг мэдээлсэн байна. Осака мужын цагдаагийн газрын мэдээлснээр хохирогч
охин болох 33 настай Эйри Какимото нь нас барахаасаа өмнө 145 см өндөр, 19 кг-ийн
жинтэй байжээ. Нас барсан охины эцэг эх цагдаад мэдүүлэхдээ түүнийг 3 метр кв жижиг
харанхуй өрөөнд хорьж байсан бөгөөд өдөрт ганцхан удаа хоол хүнс өгдөг байсан
гэжээ. Тэд хэлэхдээ ”Манай охин сэтгэл мэдрэлийн өвчтэй, маш түрэмгий ааш зантай
байсан. Тийм учраас бид түүнийг харанхуй өрөөнд цоожлохоос өөр аргагүй байсан”
гэж хэлсэн байна. Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар Япончуудын нийгэм дэх тогтсон
заншил ёсоор хэрвээ хүүхэд нь сэтгэл мэдрэлийн өвчтэй байвал энэ нь гутамшигтай
явдал гэж үздэг учраас ийм айлын эцэг эхчүүд хүүхдээ аль болох гадаад ертөнцөөс
тусгаарлахыг эрмэлздэг ажээ. Мөн үүнтэй төстэй явдал АНУ-д гарсан бөгөөд тус
улсын Айова мужийн шүүх өөрийн 16 настай төрсөн охиноо өлсгөлөнгөөр үхүүлсэн 43
настай Николь Финн гэгчийг буруутайд тооцон ял оноожээ. Түүнийг ялласан
прокурорын мэдээлснээр уг этгээд өөрийн гурван хүүхдийг ямар ч тавилгагүй өрөөнд
түгжин, огт хоол хүнс өгдөггүй байсны зэрэгцээ мөн усанд ч оруулдаггүй байсан
ажээ. Эцэст нь эдгээр хүүхдүүд өлсөж цангахын туйлд хүрч цонхоор гадагш гаран хажуу
айлаасаа идэх юм гуйн явснаар энэхүү хэрэг илэрсэн байна. Энэ явдлын улмаас 16
настай Натали охин өлсгөлөнгөөр нас барсан бөгөөд тэрээр нас барах үедээ 38
кг-ийн жин татаж байжээ.