ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Санкт-Петербург хотын супермаркетэд болсон дэлбэрэлтийг террорист халдлага гэж нэрлэв. Тэрээр өнөөдөр Сири дэх байлдааны ажиллагаанд оролцсон тус улсын цэргийн албан хаагчдад шагнал гардуулах үеэрээ ингэж мэдэгдсэн байна. В.Путин энэ үеэр хэлэхдээ ”Та бүхэн мэдэж байна уу өчигдөр Санкт-Петербург хотод террорист халдлага болсон” гэж хэлжээ. Тэрээр цааш нь ”тус улсын Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александр Бортниковт үүрэг даалгавар өгч, ХАБА-ны ажилтан албан хаагчдийн аюулгүй байдлыг бодолцож, алан хядагчидтай эрс шийдвэртэй тэмцэж, тэднийг олзолж авалгүй газар дээр нь шууд устгаж байх ёстой” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Өчигдөр буюу энэ сарын 27-нд ОХУ-ын Санкт-Петербург хотын Калинины талбайн дэргэдэх \”Уулзвар” дэлгүүрийн бараа хадгалах агуулхын дэргэд дэлбэрэлт болсон бөгөөд дэлбэрэлтийг гар хийцийн аргаар хийсэн 200 граммийн тротиллийн тэсрэх бөмбөгөөр үйлдсэн болох нь тогтоогджээ. Одоогийн байдлаар энэхүү хэргийг тус улсын тусгай албаныхан мөрдөн шалгаж байгаа бөгөөд халдлагад 13 хүн өртсөнөөс 6 хүнийг эмнэлэгт хэвтүүлээд байгаа юм байна.
Ж.Батдорж