
Хуучин
оны сүүлчийн өдрүүд, шинэ оны эхний өдөр нийслэл хотын хэмжээнд замын
хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах,
иргэдийн түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Замын цагдаагийн
алба бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөн зохицуулалт, эргүүл хяналт шалгалт хийж
үүрэг гүйцэтгэнэ.
Түүнчлэн шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр
жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Иймээс шинэ оны өглөө
нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан,
Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийн нутгийг ихээр зорьдог.Энэ үеэр тус албанаас батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу
хамгаалалт, зохицуулалт хийж иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулахаар
ажиллах юм.
Иймд иргэн та замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний
дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцох, мөн зам,
уул даваа халтиргаа гулгаатай байгаа тул тусгайлан зассан зам талбайд тээврийн
хэрэгслээ байршуулж явганаар гарах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй,
хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж
хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.Шинэ жилийн баярын өдрүүдэд гэмт хэрэг, зам тээврийн ослын
шинжтэй дуудлага мэдээллийг #102 болон албаны #93021124 дугаарын утсуудаар
хүлээн авч байна.
Мөн Авто радио 96,3-аар иргэд, олон нийтэд замын хөдөлгөөний
нөхцөл байдал, хөдөлгөөний ачаалал ихтэй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн
удааширсан болон хэвийн явагдаж байгаа гудамж, замууд, цаг үетэй холбоотой
мэдээ, мэдээллийг шууд хүргэж ажиллана.











































































