УИХ-ын гишүүн С.Жавхлан өнгөрөгч өдрүүдэд тойрогтоо ажиллажээ.
Тэрбээр, шинэ оны баяр, мөн энэ сарын 29-нд тохиосон Үндэсний эрх чөлөө,
тусгаар тогтнолоо сэргээсний түүхт өдрийг тохиолдуулан 2016 оны сүүлийн дөрвөн
сарын цалин болох 6.168.844 төгрөгөөр өөрийн тойргийн иргэдээ баярлуулжээ.Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 10, 20, 23, 28-р
хорооныхоо өрх толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд,
ахмад настнуудыг хамарсан нэн ядуу, нийт 300 гаруй өрхөд хонины хуйхалсан
толгой, таван цул, сүү, гурил, түлээ түлш өгчээ.
Улаанбаатар хотод бор хоног, шар өдрийг идэх хоол, түлэх
түлээгүй өнгөрөөж буй ажил орлогогүй, хөдөлмөрийн чадваргүй айл маш олон байгаа
бөгөөд, С. Жавхлан хэлэхдээ: \”Ард түмний тэн хагасаас илүү нь ажилгүй өлсөж
цөхөрч байхад, хэдхэн хүн найрлаж цэнгэж байгааг баяр гэхгүй ээ. Гурван сая хүн
бүгдээрээ сэтгэл хангалуун, ижил тэгш баярлавал түүнийг харин баяр гэж хэлж
болно.Өнөөдрийн дарга, сайд нарын тэмдэглээд буй олон баярыг эсэргүүцэж байна”
гээд шинэ жилийн баяраас татгалзаж буйгаа мэдэгдэж, баярлаж цэнгэх мөнгөөрөө
ядарсан түмэндээ тусалцгаая хэмээн уриалсан юм.