МОСКВА. /TASS/. Аэробус \”А321” онгоцны ослын шалтгааныг тогтоох хүртэл Египет улстай агаарын харилцаагаа түр зогсоох тухай Терроризмтой тэмцэх үндэсний хорооныхоо /ТТҮХ/ зөвлөмжийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зөвшөөрчээ. Энэ тухай түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээллээ.
Түүний хэлснээр, Оросын Аюулгүй байдлын газрын дарга Александр Бортников ТТҮХ-ны хурлын төгсгөлд дээрх зөвлөмжийн талаар Ерөнхийлөгчид илтгэсэн байна. \”Төрийн тэргүүн энэ зөвлөмжийг зөшөөрсөн” гэж Песков хэлжээ.
ТТҮХ-ны зөвлөмжийг хэрэгжүүлэх механизмыг боловсруулах, Оросын иргэдийг эх оронд нь буцаах нөхцөлийг хангахыг Путин Засгийн газартаа үүрэг болгосон байна. Песковын хэлснээр, \”Оросын Ерөнхийлөгч мөн агаарын харилцааны аюулгүй байдлыг хангахад Египетийн талтай хамтран ажиллахыг даалгажээ”.
\”Когалымавиа\” компанийн нисэх онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил дуусах хүртэл Египеттэй агаарын харилцааг түр зогсоохыг Владимир Путин үүрэг болголоо\” гэж Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга тодруулсан байна. \”Оросын Ерөнхийлөгчийн энэ шийдвэр нь \”А321”-ийн ослын шалтгааны үндсэн хувилбар нь халдлага гэсэн үг биш юм” гэж Песков мөн мэдэгджээ.
\”А321”-тэй тохиолдсон эмгэнэлт явдлын жинхэнэ шалтгааныг тогтоох хүртэл Оросын агаарын тээврийн компаниудын Египет рүү үйлддэг нислэгүүдийг зогсоох шаардлагатай гэж үзэж байгаагаа тус улсын Аюулгүй байдлын газрын дарга Александр Бортников урьд нь мэдэгдсэн байна.
Агаарын тээврийн компаниудынхаа Шарм-эль-Шейх хот руу үйлддэг нислэгүүдийг түр зогсоож байгаагаа өнгөрсөн гурав хоногт Ирланд, Их Британи болон Нидерланд улс мэдэгдсэн юм. Тус улсын эрх баригчид ийм алхам хийснээ тэсрэх төхөөрөг дэлбэрсний улмаас \”А321” осолдсон гэж сэжиглэж байгаатай холбон тайлбарласан. Одоогоор үүнийг албан ёсоор нотлоогүй байгаа юм. Үүнээс гадна, Орос, Египетийн шинжээчид урьдчилсан үзлэгийн явцад зорчигчдын цогцсуудаас тэсрэх төхөөргийн ямар ч ул мөр илрүүлээгүй гэж Оросын Шүүхийн шинжилгээний төв урьд нь мэдээлжээ.
Д.Жаргал