Саяхан \”Алтан гадас”
одон хүртсэнийх нь дараа Н.Эрхэмбаяр хүүг шүүмжлэх хүн олон байсан. Харин Н.Эрхэмбаяр 2016 онд Иран улсын
Тегеран хотноо болсон Диф (сонсголгүй) иргэдийн чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн
аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн 54 кг-ын жинд зодоглож, дэлхийн
дэвжээнд бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлэн, Иран улсад Төрийн дууллаа
эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан.
Өнгөрсөн
2017 онд таван тивийн 114 орны 3500 гаруй тамирчин оролцсон, Турк улсын Самсун
хотноо зохион байгуулагдсан Дифлимпийн зуны 23-р спортын наадмаас мөнгөн медаль
хүртсэн байна. Түүний амжилтуудыг хэн ч үгүйсгэх боломжгүй билээ. Эх орныхоо нэрийг
өндөрт өргөн, амжилтын төлөө шаргуу, чимээгүйхэн хөдөлмөрлөж яваа эгэл даруухан
нэгэн хүү. Багаасаа бөхийн спортыг
сонирхдог байсан бөгөөд 11 настай буюу 2011
оноос эхлэн чөлөөт бөхийн дасгалжуулагч Баттүшиг багшийн удирдлага дор хичээллэж эхэлжээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа \”Надад энгийн
хүүхдүүдтэй тэмцээнд оролцоод явахад хэцүү бэрхшээлтэй зүйл зөндөө л тулгардаг.
Би маш их тэсвэр тэвчээр, хичээлт чармайлт гаргаж, өөртөө бас зорилго тавьж
багшийнхаа заасан болгоныг хичээнгүйлэн суралцаж байсны үр дүнд ийм амжилтад
хүрч байгаа гэж боддог. Миний тухай намайг таньдаг хүмүүс, найз нөхөд, нутгийн
ард олон, бас спорт сонирхдог хүмүүс сайн мэддэг байх. Мөн мэдэхгүй ч олон хүн
байгаа.. Намайг \”Алтан гадас” авахад янз бүрээр ярьсан. Би үүнд нэг их
эмзэглээгүй ээ. Би цаашид олон хүнд өөрийгөө таниулсан, Монгол орныхоо нэрийг
тив дэлхийд гаргасан сайн тамирчин болно гэж боддог. Тэр үед хүмүүс намайг
ингэж хэлэхгүй байх аа.Бэрхшээлтэй хүн юм болохоор зарим үед хүмүүст ойлгогдохгүй
байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг л байх. Сонсохгүй болохоор жаахан алдаа гаргачих
гээд байдаг тохиолдол бий” хэмээн ярьсан байна.