Этиопийн
ерөнхий сайд улс төрийн бүх хоригдлыг чөлөөлж, эрүү шүүлт тулгах зорилгоор
ашиглаж байсан хорих төвийг хаах шийдвэр гаргаснаа зарлалаа. Хайлемариам
Десалень хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнчлэн одоог хүртэл шүүхээс ял
шийтгэл ногдуулахаар хүлээгдэж буй хүмүүс ч уг шийдвэрт хамаарах аж. Энэхүү
шийдвэр нь улс төрийн яриа хэлэлцээ хийх боломжийг олгож байгаа юм.
Хүний
эрхийн байгууллагуудын зүгээс тус улсыг иргэдийг үй олноор нь баривчилж, саатуулан
хорьсон хэмээн буруутган шүүмжлээд байсан юм. Гэсэн ч гэмт хэрэгтэнд тооцогддог
байсан тэдгээр улс төрийн хоригдлуудыг чөлөөлөх шийдвэр гаргаж буй нь анхны
тохиолдол аж.
Watch хүний эрхийн
байгууллагаас Этиопийн засгийн газрыг терроризмийн эсрэг хуулийг ашиглан
иргэдийг шоронд хорьж байгаа нь хууль бус үйлдэл хэмээн шүүмжлээд байгаа юм. 2015-2016
оны хооронд эрх баригчид засгийн газрыг шүүмжилсэн ард иргэдийн бүлэг,
сэтгүүлчдийг улс орны өнцөг булан бүрээс баривчлан авчирч хорьсон байна.
Одоогоор
улс төрийн хэдэн хоригдол байгаа талаар нарийн тоо баримт байхгүй ч хэвлэлийнхний
мэдээлж буйгаар терроризмийн эсрэг ажиллагаа нэрийн дор мянга гаруй хүнийг
баривчилсан байж болзошгүй гэжээ. Гэвч 2016 оны аравдугаар сард онц байдал
зарласнаас хойших баривчилгаа бараг 5,000 давсан тухай эх сурвалжууд мэдээлсэн
байна.
Б.Болормаа