Их Британийн Лондон хүртэл 12 мянган км газрыг тэмээгээр туулах
Н.Байгалмаа хэмээх бүсгүйн аялал Баянхонгор аймагт үргэлжилж байна. Тэрбээр
аялалд гарснаасаа хойш 630 км замыг туулжээ. Түүнийг өчигдөр Баянхонгор аймагт
хүрэлцэн очиход нь Засаг даргын орлогч Б.Батсуурь болон БОАЖГ, аймгийн Засаг
даргын дэргэдэх ГХАЖА, нутгийн иргэдийн төлөөлөл тосон авч хүндэтгэл үзүүлсэн
байна.
Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь \”Гурван бүсийн
нутгаар маань таны аялал дайран өнгөрч байгаад бид талархалтай хүлээн авч
байна. Бид 2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Энэ утгаараа
дэлхийг тэмээн хөсөгтэй туулах таны аялал шинэ оны эхэнд манай нутгаар
үргэлжилж байгаад баяртай байна. Баянхонгорт саатах хугацаандаа шаардлагатай
зүйл байвал бид тусалж дэмжихэд бэлэн байна. Таны аялалд амжилт хүсье. Зорьсон
хэргээ бүтээгээд эргээд эх сайхан нутагт маань зочлоорой” гэжээ.
Н.Байгалмаа хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ Казахстан,
Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг 15 орныг дайран өнгөрөх
төлөвлөгөөтэй байгаа гэнэ.