Өнөөдөр Улсын дээд шүүх хуралдаж, МАХН-ын даргыг солих, эсвэл хуучин хэвээр үлдээх тухай шийдвэрийг гаргах байсан ч шүүх хурал энэ сарын 19 хүртэл хойшилжээ. Тодруулбал материалтай бүрэн танилцах хугацаа гаргаж өгнө үү гэсэн О.Баасанхүүгийн хүсэлтийг хүлээн авч хурлыг хойшлуулсан байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард О.Баасанхүүгийн зохион байгуулсан Их хурал болж, төлөөлөгчдийн дийлэнх олонхийн саналаар түүнийг МАХН-ын шинэ даргаар сонгосон. Гэсэн хэдий ч тус намын зарим гишүүн үүнийг хууль бус тогтоол гэж үзсэн тул шүүхэд хандсан билээ. Харин Улсын дээд шүүхээс энэ асуудлыг хэлэлцэж О.Баасанхүү МАХН-ын дарга болох уу эсвэл Н.Энхбаяр хэвээр үлдэх үү гэдгийг шийдвэрлэх юм.