Хуралдаанаар \”Эрдэнэт\” үйлдвэрийг Ашигт малтмалын
хуулийн 5.6-д заасны дагуу хувьцаат компани болгох, тодорхой хувийг нийт
иргэдэд давуу эрхийн хувьцаа болгож эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ
хүрээнд Олон улсын аудит орно, үнэлгээг хийнэ гэх мэт 10 гаруй ажил хийгдэнэ.
Энэ асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэх аж.
Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгажээ. Нийт хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаагаар тасалбар болгон ямар нөхцлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг Засгийн газар батлах юм.
Тус компани өнгөрсөн онд үйлдвэрлэл, техник, технологийн болон эдийн засгийн төлөвлөгөөт зорилтоо бүрэн биелүүлж, хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 219,660.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Компани жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг юм.