УИХ-ын гишүүн С.Жавхлан \”Улсын Их Хурал уу, Улсын их задрал уу\” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах гэж нэлээд хөөцөлдсөн. Гэтэл хугацаа нь товлогдоод байсан уг хэлэлцүүлгийг төрийн ордонд хийх боломжгүй гэсэн хариу авсан талаараа өнөөдөр гишүүн мэдээлэл хийв.
Ингээд эцэст нь өчигдөр УИХ-ын Тамгын газрын дарга бичиг илгээж, УИХ-ын гишүүн С.Жавхлангийн зохион байгуулах хэлэлцүүлэгт танхимын туслалцаа үзүүлэх боломжгүй гэсэн хариу өгчээ. Учир нь төрийн ордны А, Б, В, Г танхимууд нь намын бүлгүүд, байнгын хороод, ажлын хэсгийн хуралдаан, хууль тогтоомжийн хэрэгжилт, биелэлтийн мэдээллийг сонсох болон Засгийн газраас зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг, семинар зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг гэнэ.
Тэрээр мөн \”УИХ-ын Тамгын газрын дүрмийг би судаллаа. Үүнд гишүүдийн санаачилсан ажилд туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй гэж байна. Гэтэл С.Жавхлангийн хувьд ийм айхтар хаалт, боолтонд амьдарч байна. Асар их дарамт, хавчлагад байна. Урьсан хүмүүс нь гэвэл Ерөнхий сайд асан С.Бямбасүрэн гуай, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуай, Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөл, Засгийн газрын төлөөлөл, Хүний эрхийн өмгөөлөгч М.Ичинноров, намуудын төлөөлөл, судлаачид, \”Эрдэнэт үйлдвэр\”-ийн хувьчлал, цалингийн татвартай холбоотой мэдэгдэл хийсэн хүмүүс гэх мэт байгаа. Мөн намуудын төлөөлөл, ХЭҮК-ын дарга, Үндэсний статистикийн газрын төлөөллийг оролцуулъя гэж бодсон юм.
Уг нь сэтгэл гаргаад танхим өгсөн чинь дээрээс нь дарамтлаад байна гэнэ. Дарамталж байгаа хүнээ хэлчих гэхээр мэдэхгүй гээд байх юм.
Тэгэхээр одоо би Тамгын газрын даргад бичиг явуулж байна\” хэмээн мэдээлэл хийлээ.
Тэрхүү бичигтээ УИХ-ын гишүүн С.Жавхлан төрийн ордны А, Б, В, Г танхимын зориулалт, үйл ажиллагааг зохицуулсан хууль эрх зүйн актуудыг, тус танхимуудад зохион байгуулсан хэлэлцүүлэг, арга хэмжээнүүдийн тайланг ирүүлэхийг хүссэн байна. Мөн тэрээр гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх нөхцлөөр хангаж ажиллахыг УИХ-ын Тамгын газраас шаардлаа.
Ийнхүү С.Жавхлан гишүүнээс ордныхон нь танхим бүү хэл дараад авах тамганы бэхээ ч харамлажээ. Магадгүй төрийн ордонд гишүүнд өгөх тайланг хэвлэх хор дуусахыг ч үгүйсгэх аргагүй. Харин түүний мэдэгдэлд зарим иргэд дэм өгч, мятрашгүй тэмцэхийг уриалж, ард нь ард түмэн байгаа гэдгийг сануулж байлаа.