Монгол Улс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар шинэчлэхээр төлөвлөсөн юм. Энэхүү стандартыг өнгөрсөн онд батласан бөгөөд энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна. Учир нь НҮБ-аас гаргасан конвенцид нэгдэн орсноор энэхүү шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай болжээ.
Ингэхдээ автомашины дугаарлалтын үсэг, тэмдэглэгээ, тоог олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор MNS 44102002 гэсэн стандартын дагуу өөрчлөхөөр ажиллаж байна. Үүнээс гадна холбогдох журам, программд өөрчлөлт оруулан шинэчилж байгаа аж.
Ийнхүү бэлтгэл ажил хангагдаад явж байгаа хэдий ч Зам, тээврийн хөгжлийн яамнаас бүртгэлийн журам хараахан гараагүй байна.
Өмнө нь автомашинууд 25 үсэгтэй крилл үсэг бүхий дугаарлалттай байсан бол тээврийн хэрэгслийн дугаарын шинэчлэлээр хуучин хэрэглэж байсан дугаарын үсгийг 13 латин үсгийн тэмдэгтэд багтаан өөрчлөх гэнэ. Гэхдээ улсын дугаарын хэмжээ, өнгө будгийн хувьд өөрчлөлт орохгүй аж. Нэг машин нэг л дугаартай байх ба \”Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас лацдах юм байна.
Энэхүү стандартыг ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх учраас заасан хугацаанаас хойш импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэл худалдаж авах бол заавал шинэ стандартын дагуу дугаар авах шаардлагатай. Харин заасан хугацаанаас өмнө худалдан авсан тээврийн хэрэгсэлд улсын дугаараа солих албадлага үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, шинэчлэл хийх тодорхой хугацаа заахгүй юм байна. Гэхдээ олон улсад байнга зорчдог бол, мөн шилжилт хөдөлгөөн хийх бол шинэ дугаараар солиулах хэрэгтэй.
Дугаарын шинэчлэлд хөрөнгө мөнгө зарцуулахгүй учир иргэдээс нэмэлт хураамж, төлбөр авахгүй.