Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2017.01.11) Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази болон Номхон далайн бүсийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын менежер Филип Окейфийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Тэд Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар болон, нийгмийн халамж, тэтгэврийн шинэчлэлийн тогтолцоо, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцсон юм.
Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Хөдөлмөрийн тухай хууль болон нийгмийн даатгалын багц хуулиудад оруулах өөрчлөлт, мөн тэтгэврийн шинэчлэлийн тогтолцоо, нийгмийн халамжийн талаар хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр өмнө хэрэгжүүлж байсан төслүүдийг үргэлжлүүлэх хүсэлт тависан. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн залуучуудыг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд анхаарч буйтай холбогдуулан энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх талаар мөн санал тавилаа.
Дэлхийн банкны Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази болон Номхон далайн бүсийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын менежер Филип Окейф Байнгын хорооны даргын тависан хүсэлттэй ирэх хоёрдугаар сард Монгол Улс даяар хэрэгжүүлж эхлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зорилго нийцэж байгааг хэлээд төслийн талаар танилцуулав.
25 сая доллар, мэргэжил, техникийн туслалцаа үзүүлэх дөрвөн жилийн хугацаатай төслийг тус банкнаас хэрэгжүүлэх бөгөөд гүйцэтгэгчээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажиллах юм байна.
Талууд хамтын ажиллагааны ойрын хугацааны ажлын чиглэлээр харилцан мэдээлэл өгч, санал солилцсоноор уулзалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.