Говь-Алтай аймгийн Бугат, Баян-Уул, Цогт сумын Баянтоорой тосгонд чоно, үнэг, нохой галзуурч, гурван том хүн, хоёр хүүхэд хазуулсан хэрэг гарчээ. Одоогоор холбогдох мэргэжлийн байгууллагууд тусгайлсан арга хэмжээ авч, сумдын Засаг дарга нарын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм байна.
Тус аймгаас мэдээлснээр галзуу амьтанд хазуулсан иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд өвчтөнүүдийг вакцин болон ийлдэс эмчилгээнд хамруулжээ. Тус аймагт энэ өвөл хоттой хонь руу чоно дайрах нь тогтмол үзэгдэл болоод байгаа юм байна. Манай улсад тохиолдсон галзуугийн сэжигтэй амьтны дайралтад өртсөн хүмүүсийн олонхи нь хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс, тэр дундаа малчид байдаг. Иймд ард иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.