Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 9 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтсоноос хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Тухайлбал, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болов. Хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувийн саналаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг гишүүдийн 65.5-69 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.
Мөн хуралдаанаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.4 хувь нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 67.3 хувь нь дэмжлээ. Маргааш шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөр тохиож байгаа бөгөөд энэ өдөр Үндсэн хуулиа батлалцсан Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатуудад уг нэмэгдлийг олгохоор болжээ. Энэ төсөлд шинэ Үндсэн хуулиа батлалцсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн 238 хүн хамрагдахаар болж байгаа юм. Уг тогтоолын төсөл батлагдсанаар сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор болж байгаа юм.
Үүний зэрэгцээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 44 нь буюу 84.6 хувь нь дэмжлээ. Энэ хуулийн төсөл батлагдсанаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”, харин \”улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгох, түүнчлэн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дуусгавар болгох эрх зүйн зохицуулалт бүрдэж байгаа юм.
Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг мөн өнөөдөр баталсан. Уг хуулийн төслийг гишүүдийн 69.1 хувь нь дэмжсэнээр бол хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 65.5-70.9 хувь нь дэмжлээ.