Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн \”Хангарьд” спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Өчигдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодров. Энэ өдрийн хамгийн сонирхолтой барилдаан 74 кг-ын жинд өрнөлөө. Гавьяат тамирчин Г.Мандахнаран шигшээ барилдаанд З.Сумъяабазарыг 11:0 буюу оноогоор цэвэр ялж, улсын аваргын ээлжит түрүүгээ хүртлээ.
Шигшээ барилдаанд Г.Мандахнаранг барилдах үеэр дасгалжуулагч Ц.Цогтбаяр дасгалжуулагчийн суудалд суухыг хүсч, Дэлхийн бөхийн холбооноос гаргасан шийдвэрийг Дээд шүүхээс хүчингүй болгосон бичгийг Монголын чөлөөт бөхийн холбооны холбоонд (Ерөнхий шүүгч болон Ерөнхий нарийн бичгийн дарга) өгсөн юм.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд шинэ аварга төрлөө. Энэ жингийн шигшээ барилдаанд Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт П.Өсөхбаатар болон залуучуудын улсын аваргын хүрэл медальт Б.Зоригтбаатар нар шалгаран үлдсэн юм. Барилдаан ширүүн тэмцлийн дунд өрнөж, Б.Зоригтбаатар өрсөлдөгчөө 6:4 онооны харьцаагаар хожлоо. Тэрбээр насанд хүрэгчдийн улсын аваргад ийн анх удаа түрүүллээ.
ЭРЭГТЭЙ:
57 кг: (25 бөх)
- Алтан медаль: Ц.Цогбадрах (Алдар)
- Мөнгөн медаль: Б.Төгс (Төгс)
- Хүрэл медаль: Б.Түмэнцогт (Хасумегастарс), Ц.Мандалсүрэн (Алдартан)
74 кг: (23 бөх)
- Алтан медаль: Г.Мандахнаран (Алдар)
- Мөнгөн медаль: З.Сумъяабазар (Хангарьд)
- Хүрэл медалийн төлөө: Г.Идэрхүү (Аваргууд академи), Б.Батсүх (Хасумегастарс)
97 кг: (15 бөх)
- Алтан медаль: Б.Зоригтбаатар (Мэргэд Хангай)
- Мөнгөн медаль: П.Өсөхбаатар (Хилчин)
- Хүрэл медаль: Ө.Батзул (Аврагч), Б.Одсүрэн (Мэргэд)