Хятадын
эрэг дагуух далайд мөргөлдсөний улмаас газрын тос болон ачаа тээвэрлэгч хоёр
хөлөг онгоц осолдсон билээ. Мөргөлдөөний дараа газрын тос тээвэрлэж явсан Санчи
хөлөг дэлбэрч, багийн гишүүд нь сураггүй алга болоод байснаас гурвынх нь
цогцсыг аврагчид олжээ.
Түүнчлэн
хамгаалалтын багийнхан хөлгийн хар хайрцагны бичлэгийг сэргээж чадсан байна. Ираны
30, Бангладешийн хоёр иргэн алга болсноос ердөө гурван хүний цогцос олджээ. Эрэл
хайгуулын ажилд Ираны аврагчид нэмэгдэн оролцож байгаа аж. Санчи хөлөг нь
өнгөрөгч Бямба гаригт Иранаас Өмнөд Солонгос улс руу газрын тос зөөвөрлөж
явахдаа ийнхүү осолдсон юм.
Хятадын
Тээврийн яамны мэдэгдсэнээр баг, хүчилтөрөгчийн баллонтой дөрвөн аврагчийг
краны тусламжтайгаар Санчи хөлөгт хүргэсний дараа тэд хоёр хүний цогцсыг олсон
аж. Онгоцны хар хайрцгийг олсны дараа аврагчид шатаагүй үлдсэн хэсэгт хүрэх гэж
оролдсон ч температур 89 градуст хүрсэн учраас нэвтэрч чадахгүйд хүрчээ. Хөлөг
дээрх аврах ажиллагаа салхины чиг өөрчлөгдөх хүртэл өтгөн хорт утаатай маш
аюултай нөхцөлд ердөө нэг цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн байна.
Хятадын
Гадаад хэргийн сайд Ван Еи Ираны мөн асуудал эрхэлсэн сайд Мухаммад Жавад
Зарифтай утсаар ярихдаа ердөө нэгхэн хувийн найдвар байгаа ч, 100 хувь хүчин
чармайлт гарган эрлийн ажлыг үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгджээ. Иранаас
12 аврагч тус ажиллагаанд оролцохоор болсон бөгөөд одоогоор ослын газарт Хятадаас
10, Японоос хоёр, Өмнөд Солонгосоос нэг аврагч цаг уурын таагүй, хүндхэн
нөхцөлд ажиллаж байгаа аж.
Б.Болормаа