Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн албан хаагчид Сэлэнгэ аймагт хууль бусаар буга, хадран загас агнасан хэргийг шалгаж байна. Энэ хэрэгт ГССҮТ-ийн мэс заслын дөрвөн эмч холбогдож байгаа бөгөөд тэднийг шалгахад буу эзэмших зөвшөөрөлтэй байсан боловч тусгай хамгаалалттай газраас нэг буга, хоёр ширхэг хадран загас агнасан нь тогтоогджээ.
Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.5.2-т заасны дагуу хариуцлага хүлээх хуулийн заалттай ба \”Улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хуулийн заалттай байдаг юм байна. Тус хэргийг зүйлчиллээр нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг гэх заалтаар шалгаж байна.