Налайх дүүргийн нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Азийн хөгжлийн банкнаас Налайх дүүрэгт хэрэгжүүлэх гэж буй төсөлтэй холбогдуулан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн хөгжил, жендэрийн асуудал хариуцсан ажилтан Б.Цолмон тэргүүтэй төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа.
Тус олон улсын байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чиглэсэн төслийг 2018 оны 09 дүгээр сараас эхлэн Налайх дүүрэгт хэрэгжүүлэхээр болсон. Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийгэм, эдийн засгийн судалгааг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, эмэгтэйчүүдийн чадавхийг бэхжүүлэх, хамгаалах байрыг олон улсын стандартаар тохижуулах зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна.
Засаг даргын орлогч Х.Анхбаяр тус төслийг хэрэгжүүлэх гэж байгаад талархлаа илэрхийлэн цаашид дүүргийн зүгээс хамтарч ажиллахаа илэрхийллээ гэж Налайх дүүргийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.