\”Зүтгэл сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-аас өнөөдөр ”70 яндангаас 70 байр” аяны талаар мэдээлэл өгсөн юм. ”70 яндангаас 70 байр” аяны гол зорилго нь утааны эсрэг ард иргэдийн өөрсдийн оролцоог идэвхжүүлэх, хамтын хүчээр 1м2-ын үнийг хямд өртөгөөр авах боломжийг бүрдүүлэх явдал гэж тэд тайлбарлалаа.
Энэхүү зорилгын хүрээнд иргэд барилгын дотоод засал чимэглэлийг мэргэжлийн байгууллагын сургалтад хамрагдан мэргэжилтний хяналтын дор өөрийн амьдрах байрныхаа дотоод засал чимэглэлийг хийгээд хямдхан байранд орох боломжийг олгож байгаа юм. Учир нь аливаа барилга, орон сууцны үнэ дотоод заслаасаа хамаардаг байна.
Өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахад төсвөөс 210 тэрбумын хөрөнгө зарцуулсан байдаг. Утааг багасгах, бууруулах, арилгах хамгийн гол \”төгс төгөлдөржүүлсэн\” арга нь орон сууцжуулах арга хэмээн тэд сонголтоо хийжээ. Тиймээс \”70 янданг 70 орон сууц” ашгийн бус төслийг иргэн аж ахуйн нэгж байгууллага, олон улсын байгууллага, төр захиргааны байгууллагын хамтын хүчээр хэрэгжүүлэхийн төлөө утааны голомтод байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, орон сууцанд оруулах зорилготойгоор ажлаа эхлүүлээд байгаа аж.
Уг төсөл хэрэгжсэнээр 90 хүүхдийн цэцэрлэг, үүнээс 20 хүүхдийн 24 цагийн үйлчилгээтэй сувиллын цэцэрлэг байгуулж, 70 өрх айл яндангаас салж, 38 ажлын байр шинээр бий болох юм байна.
\”Зүтгэл сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-ын зүгээс үндэсний том компаниудад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү үйл ажиллагааг дэмжин оролцохыг уриаллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Х.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Жавхлан, Б.Батзориг, Б.Саранчимэг, НИТХ-ын Хурлын дарга С.Амарсайхан нартай хамтран ажиллахыг уриалж байгаагаа илэрхийлэв.
Мөн тус ТББ нь 70 өрхөөс газар тариалангийн баг бүрдүүлж, хөдөө орон нутагт хүнсний нарийн ногоо тарьж ургуулан, дотоодын зах зээлд борлуулах ажлыг давхар гүйцэтгэх юм байна.