АНУ-ын Калифорни мужийн Беркели хотноо байрладаг Ethical Traveller ТББ-аас зохион байгуулж буй үйл ажиллагаанд Монгол Улс ёс зүйн хувьд аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын /the world’s Ten Best Distinations/ нэгээр гурав дахь жилдээ дараалан шалгарлаа. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2018 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Калифорни мужийн Беркели хотын Дэвид Броуверын төвд болж өнгөрсөн юм. Монгол Улсаа төлөөлөн АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал энэхүү үйл ажиллагаанд оролцож, хүрэлцэн ирсэн зочид болон бусад улсын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Калифорни мужийн Беркели хотноо байрладаг Ethical Traveller ТББ-аас хөгжиж байгаа улсыг байгаль орчин болон зэрлэг ан амьтдыг хамгаалж байгаа байдал, нийгмийн халамж, хүний эрхийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого зэрэг шалгуураар дүгнэж, ёс зүйн хувьд аялахад хамгийн тохиромжтой 10 улсыг жил бүр шалгаруулдаг юм. Монгол Улс 2016 онд шилдэг 10 улсын нэгээр анх шалгарсан бол 2017 онд хоёр дахь удаагаа шалгарч байсан. Харин 2018 онд ийнхүү гуравдахь удаагаа шилдэг 10 улсын тоонд орлоо.
Энэ жил манай улсаас гадна Белиз, Бенин, Чили, Колумб, Коста Рика, Палау, Сэйнт Киттс ба Невис, Уругвай, Вануату зэрэг улс шалгарчээ.