Улсын хилээр нэвтрүүлж буй хар тамхи, мансууруулах бодисын төрөл зүйл, тоо хэмжээнээс харахад 2010 оноос 2015 оныг хүртэл ихэвчлэн байгалийн гаралтай героин, олсны ургамлаас гаралтай гашиш гэх мэт бодисыг 5-10 грамм, дээд тал нь 5.6 кг хүртэлх хэмжээгээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргүүд илэрч, бүртгэгдэж байсан. Тухайн үед хууль сахиулах байгууллагынхан ихэнхдээ жилдээ хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 1-2 ийм хэргийг илрүүлдэг байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд нууц далд аргаар, зарим тохиолдолд зохион байгуулалттайгаар Монгол Улсын хил, гаалиар хар тамхийг хууль бусаар нэвтрүүлэх нь ихээхэн нэмэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй бодис нь лабораторийн аргаар нийлэгжүүлж гаргаж авсан, нарийн бүтэц найрлагатай хүчтэй үйлчилгээтэй, өндөр үнэтэй мeтафетамины төрлийн мөс, LCD зэрэг нийлэг бодисууд байгааг холбогдох байгууллагынхан мэдээлж байна.