Саудын Арабт авлига хээл хахуулийн хэргээр тус улсын хунтайж, сайд нарыг Риц-Карлтон зочид буудалд хорьсноос хойш тансаг зэрэглэлийн \”шорон” болж хувирсан байна. Харин Риц-Карлтон зочид буудал ирэх сард үүдээ нээж, зочид үйлчлүүлэгчдээ хүлээж авах ажээ. Уг зочид буудал 2017 оны 11-р сард авлигын хэргээр баривчлагдсан 200 гаруй сэжигтэн, тэр дундаа Саудын Арабын хунтайж болон тэрбумтан, бизнесмэнүүд, сайд нарыг түр саатуулах байр болсноос хойш олон нийтэд үйлчлэхээ больж түр хаагдсан юм байна.
Харин өчигдрөөс эхлэн Риц-Карлтон зочид буудал 492 өрөөндөө Валентины баярын урьдчилсан захиалга авч эхэлжээ. Гэхдээ зочид буудлын \”тансаг” шоронд хоригдож буй тэдгээр хоригдлуудыг нүүлгэн шилжүүлсэн эсвэл сулласан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Тус зочид буудлын төлөөлөгч зочид буудал хэзээнээс эхлэн хэвийн ажиллаж эхлэх талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан боловч Саудын Арабын телевизээр зочид буудал ирэх хоёрдугаар сараас эхлэн зочдоо хүлээж авч магадгүй гэж мэдээлжээ. Хэдийгээр Риц-Карлтон зочид буудал одоогоор олон нийтэд үүд хаалгаа нээгээгүй боловч орон нутгийн эрх баригчдад үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ.