АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө
аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус
улсад нэвтрэх боломжтой орнуудын жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Энэхүү
жагсаалтад Монгол Улс анх удаа багтсан байна.
Дотоод аюулгүй байдлын яамнаас H-2A визээр нэвтрэх боломжтой 82,
H-2B ангиллын визээр нэвтрэх боломжтой 81 орныг танилцуулсан байна. Энэ журам
нь 2018 оны нэгдүгээр сарын 18-наас 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин
төгөлдөр мөрдөгдөх юм.
H-2A виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай
байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил
хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад
ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил
гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаарах юм. H-2A виз мэдүүлэхийн
тулд АНУ дахь ажил олгогч нь I-129 маягт буюу Цагаачлалын бус ажилчны зөвшөөрлийн
өргөдлийг таны өмнөөс мэдүүлэх ёстой. Харин H-2B виз мэдүүлэх тохиолдолд ажил
олгогч нь АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас уг ажилд тохирох ажиллах хүч дутмаг
болохыг баталсан гэрчилгээ авах ёстой бөгөөд визний зөвшөөрөл тэрхүү баримтад
үндэслэгдэх ажээ.
Монгол Улс өмнө нь АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны \”risk of
non-compliance” буюу бодлогын хувьд нийцэмжгүй орнуудын ангилалд багтдаг байсан
юм. Сүүлийн үед АНУ-аас албадан гаргасан, визний зөрчилтэй иргэдээ хүлээн авах
тал дээр Монгол Улсын Засгийн газар хүчин чармайлт гаргаж, АНУ-ын засаг
захиргаатай хамтран ажиллагаагаа сайжруулж байгаа учир дээрх жагсаалтаас
гаргаж, H-2A, H-2B виз мэдүүлэх боломжтой орноор нэрлэсэн байна.
Ж.Бат